Нууц амраг, хайртыгаа хуурах, араар нь тавих. Энэ асуудал хүн
төрөлхтөний амьдралын мөнхийн сэдэв. Энэ ертөнц дээр зөвхөн та хоёр л
бие биедээ зориулагдан төрсөн мэт хайр дурлалдаа шатаж, халуухан байсан
тэр мөчүүд алслагдан, гэр бүлийн өдөр тутмын амьдрал нэгэн хэвийн
үргэлжилсээр багагүй цаг хугацаа өнгөрчихөж.
Магадгүй та ямар нэгэн шалтгаанаар гуравдагчийг сонирхож байгаа, эсвэл саяхан сонгосон. Аль хэдийн сонгочихсон ч байж болох юм.
Тэгэхээр энэ үйлдэл хэнд ашигтай юм бэ?
Та эхлээд, “Миний гэрт “минийх” гэгдэх хүн байдаг билүү, үгүй билүү?”
гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Бодож үзсэн бол энэ үйлдлийг хийснээр, “Би
яах гэж байгаа юм бэ. Би эндээс юу хүсэж байгаа юм бэ?” гэж өөрөөсөө
асуу. Унасан бөхөд шалтаг мундахгүй.
Та ямар шалтгаанаар хайртыгаа араар нь тавьж байна вэ?
- Нэгэн хэвийн амьдралаас залхаж
- Түүний дэндүү сайхан гоо үзэсгэлэнд сэтгэл алдарч
- Хайрттайгаа ойлголцдоггүй, надад хайр халамж дутагдаж байна
- Санхүүгийн хувьд надад илүү туслалцаа үзүүлдэг
- Урьд нь би түүнд хайртай байсан… гэх мэт, энэ жагсаалт эцэс төгсгөлгүй үргэлжилнэ.
Эцсийн үр дүн, үр дагавар нь ямар байх бол?
Бодох юм бишгүй л байна. Эцсийн эцэст та өөрөө л энэ бүхнийг шийднэ.
Хариуцлагыг өөр хэн нэгэн хүн биш, зөвхөн та л үүрнэ. Сексологчдийн
судалгаагаар үнэнч бус нөхрүүдийн дийлэнх нь эхнэрээ араар тавьсан
шалтгаанаа “Азгүй гэрлэлт, ханиа буруу сонгосноос” гэж тайлбарладаг.
Харин үнэнч бус эхнэрүүдийн хувьд, тэдний хүсэл мөрөөдөл бодит
амьдралтай зөрчилдснөөс шалтгаан нь үүсдэг. Тэд сайхан үлгэр зохиож,
түүндээ итгэж, мөрөөдөх дуртай байдаг. Тэд энэ гайхалтай үлгэр
мөрөөдлөөрөө жигүүрлэн амьдарч эхэлдэг. Чингэс хааны дайчин, зоригтой
занг, хавт Хасарын хүч чадлыг, Явуухулангийн уран яруу үг хэллэгийг,
Юндэн Гөөгөөгийн сайхан царайг, Итгэлт баяны суусан газраасаа мөнгө
атгаж босдогыг гэхчилэн, үе үеийн сайхан эрчүүдийн шилдэг чанаруудыг
нэгтгэн, ирээдүйн хань нөхрийнхөө дүрийг сэтгэл зүрхэндээ бий болгодог.
Хорвоогийн жамаар хоёр зүрх учирлаа… “Чи миний нүдээр харсан ч
болоосой!” хэмээн дуу алдах. Дурлал хүнийг сохор болгодог. Хайр
дурлалын амтанд согтож, бүхнийг томруулдаг өнгөт шилээр хардаг. Тэгээд
паспорт дээрээ мөнхийн тэмдэг тавиулж, халуухан өдрүүд ч ард үлдэн,
нүднээсээ өнгөт шилээ аваад үзэхнээ, хайрт нөхөр нь мөрөөдлийн ханхүү
нь биш л байдаг.
Ийнхүү амьдралын бодит үнэнтэй тулгараад ирэхээрээ бухимдаж,
ертөнцийн бүх эрчүүдээс хамгийн ухаантай нь гэж биширч явсан нүдний
шилтэй, номын мөр хөөсөн хайртыгаа ганц хадаас ч хадаж чадахгүй гэж,
ёстой гүндүүгүй жинхэнэ Монгол эр хүн гэж хир халдаахгүй магтаж байсан
хээ шаагүйхэн хайртыгаа боловсролгүй, соёлгүй, бүтэн ном биш юм аа
гэхэд, ядаж ганц хуудас дуустал нь уншчихдаг болоосой гэж үглэх. Эр
нөхрүүд нь болохоор эмзэгхэн, турьхан хайртыгаа хариугүй, юу ч хийж
чадахгүй гэх, өөрөөс нь илүү мэргэжил, албан тушаалтай бол чиний
ухаантай чинь тэндээ л биз… ийм тийм гэж хардана. Мэдээж, төгс сайхан
хүн зөвхөн бидний мөрөөдөлд л оршдог.
Эр хүн олон эмэгтэйгээс нэг л зүйлийг хүсдэг. Эмэгтэй хүн нэг л эр хүнээс олон зүйлийг хүсдэг.
Хосууд хэдийгээр хувь заяатайгаа эвлэрч, амьдарлаа үргэлжлүүлдэг ч
сэтгэл хангалуун биш байдаг. Үнэн хэрэгтээ ямар ч хүн тайван,
тогтвортой амьдралыг хүсдэг мөртлөө, битүүхэндээ мөрөөдлийнхөө ханхүүг
үгүйлж, сэтгэл зүрхэндээ мөрөөдөж явсан тэр чанаруудыг ханиасаа хайсаар
л…
Хань ижилтэй хүнд нууц амраг ямар хэрэгтэй юм бэ?
Тэнэг асуулт байна уу. Та юу гэж бодож байна?
Хань минь намайг хуурчээ… Арай ч дээ?
Дөнгөж саяхан, үүнийг мэдэхээс өмнө “Би ганцхан түүнийх, тэр ганцхан
минийх” гэж бодож, итгэж амьдарч байсан. Гэтэл тэр өөр хүнтэй… Үүнийг
хүн бүхэн өөр өөрөөр хүлээн авч, дараагийн алхамыг ч бас өөрийнхөөрөө л
хийдэг.
“Амьдрал бол маш хүнд ачаа. Энэ ачааг хүн хэн нэгэнтэй хамтарч, хоёулаа
үүрдэг. Заримдаа хүч хүрэхгүй бол гурвуулаа ч үүрэх тохилдол гардаг”
гэж нэгэн суутны хэлсэн үг бас оргүй ч биш юм шиг… Тэгвэл энэ хүнд
ачааг бага ч болов хөнгөлөх гэж сайхан сэтгэлээр мөрөө ивж өгсөн тэр
гуравдагчид талархах сэтгэл хаана байна? Бид түүнд хэзээ ч талархал
илэрхийлдэггүй. Хүсдэг ч үгүй. Дурлалын шинэ роман хүнд өөрийгөө “хэн
бэ” гэдгээ мэдэрч, өөртөө итгэлтэй амьдрах эрч хүч, урам зориг хайрлаж,
хүнийг өгөөмөр, уужим сайхан сэтгэл, баяр баясгалантай болгож,
амьдралыг дахин өөрөөр харах боломж олгодог. Ингэж өөрчлөгдөж чадсан
хүнтэй амьдрах нь бүхнээс залхаж, баярлаж гомдохыг ч үл тоогч, чихгүй
толгойлсон нэгэнтэй амьдрахаас муухай гэж үү? Эндээс магадгүй,
“хайртыгаа нууц амрагтай болоход хань нь баярлах ёстой” гэсэн санаа
үнэртэж байгаа биз? Гэвч хэн ч ингэдэггүй. Харин ч эсрэгээр улам
өршөөлгүй харгис ханддаг.
Хосуудын хэн нэг нь араар тавьсан, хуурсныг мэдсэн тохиолдолд яаж хүлээж авдаг вэ?
- Хүн бүхэн өөр өөрийнхөөрөө
- Шууд сална
- Уучлана
- Нөгөөдхийг нь болгож тавина
- Хэл ам, хэрүүл зодоон болно
- Хоёуланг нь зүгээр орхихгүй
- Үр хүүхэд нь өнчирнө
- Гэр орныхон нь жигшинэ
Тэгэхээр ийм тохилдолд яах ёстой юм бэ?
Өөрийгөө өөрчлөх хэрэгтэй. Эсрэг хүйстнийхээ анхаарлыг татахын тулд,
анх залуу байхдаа хэрхэн өөрийгөө бэлддэг байснаа эргээд сана. Үс зүс,
хувцас хунар, яриа хөөрөө… бүгдийг нь өөрчилж, орон дотроо ч өөр бол.
Миний хайрт мөн үү, чи хэн бэ? гэж дуу алдтал нь бүхнийг зоригтойгоор
өөрчил. Танд, та хоёрт амьдралыг дахин шинээр эхлэх боломж гарлаа. Хүн
нэг л удаа амьдардаг.
MY WORLD
САЙН БАЙЦГААНА УУ? ТА БҮХЭНД ЭНЭ ӨДРИЙН МЭНД ХҮРГЬЕ.ЭРХЭМ ТАНЬТАЙ ЭНЭ ХҮҮ БЛОГООРОО УУЛЗАЖ БАЙГААДАА БИ МАШ ИХ БАЯРТАЙ БАЙНАА. БЛОГ ДЭЭР НИЙТЛЭГДСЭН БҮХЭН ТАНЫ ОЮУНД БАГА Ч БОЛОВ МЭДЛЭГ ӨГЧ МЭЛМИЙГ ТАНЬ БАГА Ч БОЛОВ НЭЭЖ ӨГЧ БАЙГАА БОЛ ЭНЭ Л МИНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО ЮМ ШҮҮ.ТА БҮХНИЙ АМЬДРАЛД ХАМГИЙН САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ.
ХҮНДЭТГЭСЭН ЭРДЭНЭЭ
s
Санал хүсэлт
Hillsong United.. Passion 2010! ..end of concert
hillsongs
hillsong
Зочидын тоолуур
Бидэнтэй холбоо тогтоохыг хүсвэл...
ТА БҮХЭН ЭНЭХҮҮ БЛОГ ДЭЭР ӨӨРИЙН БИЧСЭН НИЙТЛЭЛ,ЗАХИДАЛУУДЫГ НИЙТЛҮҮЛЭХИЙГ ХҮСВЭЛ МӨН САНАЛ ХҮСЭЛТ БАЙВАЛ ERDENEE248832@YAHOO.COM ХАЯГААР ЗАХИДАЛАА БОЛОН НИЙТЛЭЛЭЭ ИЛГЭЭГЭЭРЭЙ. БИД ТА БҮХЭНТЭЙ ХАМТАН АЖИЛЛАХДАА БАЯРТАЙ БАЙХ БОЛНОО.


0 comments:
Post a Comment