Мягмар, 2010 оны 5-р сар 18 16:28
Дэлхийн
хоёрдугаар дайнд гарз хохирол амсаагүй нэг ч гэр бүл Оросод
байгаагүйтэй адил Солонгост аав, ээж, ах, эгч дүү ... хамаатан саднаа
илгээгээгүй нэг ч Монгол айл байхгүй биз ээ.Гадаадад ажиллах хүч илгээх байгууллагаар дамжин Монголын эрүүл саруул, мэргэжил чадвартай бүхэн нь гэр бүлээ тэжээхийн эрхээр БНСУ-д ажиллахаар сайн дураараа явсаар хэдэн жилийг үдэж байна. Энэ бүх үйл явцыг хөндлөнгийн нүдээр, Монгол хүнийхээ хувьд харахдаа хэд хэдэн зүйлийг анхааран ажиглаж байна.
Аливаа юм эерэг сөрөг хоёр талтай байдаг. Энэ л жамын дагуу энэ үйл явдалд хандаж байна. Гадаадад ажиллаж байгаа иргэд гэдгээр зөвхөн Солонгост бус мөн бусад оронд ажиллаж амьдарч байгаа Монголчуудыг хэлж байгааг анхаарна уу.
Эерэг тал
Гадаадад ажил эрхэлж байгаа Монголчууд дараах эерэг ашгийг хүртэж байна.
1. Эдийн засаг, санхүүгийн хувьд хөл дээрээ босч өөрийн амьдралын төлөө тэмцэж байгаа нь сайшаалтай. Ажил хийхгүй, ар гэрээ тэжээх чадвар мэргэжилтэй хирнээ гэртээ сууж цагийг дэмий үрж байгаа хүмүүсийг бодвол энэ хүмүүс үнэхээр хөдөлмөрч хүмүүс юм.
2. Бусдын хөгжил, технилоги, зан харьцаа, соёлын сайшаалтай талуудыг сурч мэдэх. Эх орондоо эргэн ирснээр бусад улсаас сурууштай сайн сайхан зүйлийг гэр бүлдээ, байгаа орчиндоо бий болгож байгаа нь Монголыг улам чанаржуулж байгаа хэрэг юм.
3. Эх орноосоо хол амьдарч байгаа Монголчууд маш их эх оронч болдог юм шиг надад санагддаг. Тэд нацист байдлаар биш харин интернационалч байдлаар эх оронч үзлээ төлөвшүүлдэг. Энэ утгаараа гадны соёлын нөлөөнд өөрсдийн соёл, бичиг, хэл, уламжлал, дээл хувцас, хөгжим, хоол, мэдрэмж зэргээ бусдаас ихэд харамлан өөрийн бүхнээ нандигнах, түүнийгээ үр хүүхдэдээ өвлүүлэх ухамсартай үйлдлийг тэд хийдэг.
Сөрөг тал
Гадаадад ажил эрхэлж байгаа Монголчууд дараах сөрөг байдлын золиос, хохирогч болсоор байна.
1. Гэр бүлгүй ганцаараа явж байгаа иргэдийн хувьд гэр бүлээ санах, үр хүүхдийнхээ өсч яваа сайхан үеийг харалгүй өнгөрөөх, хань ижилдээ түшиг болж хамтдаа амьдралыг босгох амттай зовлонг дан өөр дээрээ үүрдэг нь тэднийг нэг талаас харвал золиос, нөгөө талаас харвал хохирогч болгож байна. Тэд сэтгэл санааны асар их дарамт дор, санхүүгийн байнгын нэхээс шаналгаа дор, дээр нь бие организмын (сексийн) асар их өдөөлт дор ажил хөдөлмөр эрхэлж байна. Тиймдээ ч гэр бүл салалт, хөндийрөл, биеийн зугааг илүүтэй үзэж ар гэрээсээ холбоогоо таслах үзэгдэл гарсаар байна.
2. Эцэггүй, ээжгүй өсч буй сүүлийн 20 жилд бүхэл бүтэн үеийг бий болгожээ. Энэ нь Монгол гэр бүлийн төлөвшилд нэн харш байхаас гадна, ирээдүй хойч үе болсон үр хүүхдээ өөрийн өсч хөгжсөн байдлаар өсгөх давтамж давтагдсанаар 30 жилийн дараа гэхэд Монгол гэр бүл "хөндийрөл" гэсэн асар том аймшигтай нүүрлэх болно. Гадаадад ажил эрхэлж байгаа Монголчууд нийт хүн амын 10%-д хүрсэн гэвэл энэ танд аюултай сонсогдож байгаа байна уу?
3. Үндэсний имиж өөрчлөгдөх аюул нүүрлээд байна. Монголчууд гэхээр дэлхий "Чингэсийн Монгол" гэдэг байсан бол 40 жилийн дараа Монголчууд гэхээр "барлагууд" гэвэл ямар сонсдож байна? Тийм болохоор бид гадаадад ажиллах хүчнээс илүүтэйгээр оюунлаг давхрагийг илгээж эргүүлэн тэднийг ажлын орон байраар хангаснаар үндэстэн дахин сэргэж хөгжил цэцэглэлтэд хүрэх билээ л.
Тиймд ажиллах хүчийг бага илгээж, эргээд эх орноо хөгжүүлэх оюунлаг хүчийг бодлогоор гадаадын хамаг сайн сургуульд сурган тэднийг эх орондоо өндөр цалинтай ажиллах боломжоор хангаснаар зүйтэй юм болов уу?
Монгол улс мандан бадрах болтугай!


0 comments:
Post a Comment